Сэтгэлийн ганганаа

Хадбаатар аварга

            Хадбаатар аварга
Ханцуйг нь боосон дээлийнх нь заханд
Хан богд уулын чулуу хийн мушгиж
Хадаа, Хадаа!... гэж хашгиран
Хамт барилдаж явсан сэтгэл
Түрүүлсэн аваргаа газар гишгүүлэлгүй
Төв цэнгэлдэхээс өргөөд гарсан хайр
Дэлхийн сайхан бөхөө дагаад шоронд орсон
Дээлээ нөмөрсөн эрчүүдтэй дэр нийлсэн
Өшсөн бодол,  цайчихсан заяа
Өө эрсэн, өөриймсөж болдоггүй Гал хамууд
Хадаа аваргыг тойрон, хулхидах гэж угтсан
Хар цэрэгийн харуул, жад тулгаж тоссон
Эхнэрийнхээ нулимсаар хагарсан уруулаа шилэмдэж
Ээжийнхээ сэтгэлийн цуулан, холгосон хөлөө ороосон
Наадмынхаа торгон дэвжээг тогтой тороор сольж
Насныхаа жаргалыг писаатай шалан дээр алдаж хагалсан
Ном дүрэм ярьсан, хахир хянагчдад дэглүүлж
Нохой тэжээсэн, алаг хувцастанд адлуулсан
Уушиг уусгасан шохойны утаанд бүгшүүлж
Уул хаасан хэрмэн хананд хайруулсан
Нарсныхны ажлыг зоолж босон нугалалцаж
Нарныхны царайнаас халган буруулж уйлсан
Босго өндөр, дэглэм чангатай шоронд ингэж
Бодлоо шархлуулж, амьдралаа залгиулж эхэлсэн
Шоронгийн занг, аварга сэтгэлдээ наагаагүй ч
Шоронгийн ажилд аваргын тэнхээ түүртээгүй ч
Цуутай дээрэмчний цустай нударга шанаадаагүй ч
Буутай харуул, Хулгайч аа! гэж дуудаагүй ч
Дүрэлгэр алаг нүдний нь галыг, гуниг сүүмийлгэсэн
Дөрвөлжин хүрэн цээжийг нь шоронгийн ажил няцалсан
Буржгар хар үсийг нь зовлон бууралтуулсан
Бузар хар чийг үүдэн шүдийг нь сугалсан
Төрийн хууль хатуу юм, хатуу!
Түмний хайр хүнд юм,хүнд!
Хатуу, хүндийг дагаж ядан, дааж цөхөн
Хат сууж, хад болсоон, Хадаа аварга!
Хадбаатар аварга шоронгоос гарахад
Хамаг ардын хайр, шоронгоос суллагдсан
Ухаа ягаан зодог шуудаг шоронгоос гарахад
Уртын дууны түрлэг эгшиг, шоронгоос суллагдсан
Улсын наадмын баруун, зүүний магнай
Угтуул амаа аваад, Чингисийнхээ туганд мөргөсөн
Хаана ч байхгүй наадмынхаа сүлдэнд мөргөхөд
Харанхуй шорон ч Хадаа аваргад мөргөсөн
Ханцуйг нь боосон дээлийнх нь заханд
Хамаг ард минь хайраа хийж мушгисан
Хан Богд уул чулуугаа хийж мушгисан
Харин би, шүлгээ хийж мушгисан
Аварга, тэгэвч нэрээ гурван хугалсан
Ардууд, хайраараа бороолуулж, гурван гагнасан
Хадаа аварга, наадам дээрээсээ Хадан гэртээ
Халхын шорон хүртэл зул өргөж, маань уншсаан!...
              1990 он         Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 116 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax